Monday, November 25, 2013

цаас

Хэрэглээ нь хэтэрч хаягдал нь ихэссэн цаас
Өмнөх соц нийгэмд хэмнэх гэдэг ойлголтыг янз бүрийн хэлбэрээр тархинд суулгаж өгчээ Ямар сайндаа “Аривч гамтай зарцуул” гэсэн лоозонг хүмүүстээ бага балчираас нь цээжлүүлж байхав дээ. Тэр хэрээрээ аливаа юмыг зөв зарцуулж байсан бизээ. Манай улсын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжснээр харин ч юмны үнэ цэнийг урдахаас илүү мэдэрч нарийн тооцоотой хандаж байх баймаар. Өнөөдөр ихэнх хэрэглээгээ гаднаас импортолдог манай улсын хувьд дутагдалтай хандаж буй зүйл их байна. Үүний нэг жишээ нь цаас юм. Ямар ч цаас үйлдвэрлэдэггүй манай улсын цаасны хэрэглээ жилээс жилд өссөөр иржээ. Цаасыг ямар модоор үйлдвэрлэдэг, өдрөөс өдөрт өсч байгаа үнийг нь мэдэж байгаа хүн алга. Өнөөдөр Монгол Улс цахим засаглалд шилжээд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх. Гэсэн хэрнээ улам их цаас хэрэглэх болж тэр тусмаа төрийн албан хаагчидын цаасны хэрэглээ хэрээс хэтэрчээ. Нэг ширхэг А4-ийн цагаан цаасыг найман хос савхны модоор үйлдвэрлэдэг гээд бодохоор цаасанд ямар их мод зарцуулдаг нь харагдаж байна. Үүнээс үүдээд урд хөрш модноос өөр зүйлээр савх үйлдвэрлээд эхэлжээ. Үүнийгээ байгальдаа ээлтэй хандаж байгаагийн жишээ гэж үзэж байна. Тэгвэл бид хаягдал цаасаар байгалаа бохирдуулж байгаа гэж хэлж болно. Манай улс БНХАУ, ОХУ-аас сонины, бичгийн, ариун цэврийн цаас, сурагчийн дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр импортлохийн зэрэгцээ мөн Белорусь улсаас ариун цэвэрийн болоод бусад цаас их хэмжээгээр оруулж ирж байна. Түүгээрч зогсохгүй гаднаас баглаа боодол, хайрцаг оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ. Хэдэн жилийн өмнө баглаа боодлын үйлдвэр ашиглалтад орж байсан санагдана.

Өнөөдөр монголд далд эдийн засаг хүчирхэгжсэн гэж ярих болжээ. Энэ нь бүх салбарыг хамарч 6,3 хувьд хүрсэн гэх. Үүргийн худалдаачид гаалиар бүртгүүлэлгүй асар их хэмжээний цаас оруулж ирдэг аж. ГЕГ-ын судалгаанаас үзэхэд манай улс энэ оны 10 сарын байдлаар Хятадаас сонины цаас 429921 тонныг 25703,2 ам доллар, ОХУ-аас 2061903 тонныг 1501604,3 ам доллараар авч гаалиар оруулж ирсэн бөгөөд сурагчийн дэвтэр 8606, 2 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1,006686 ширхэгийг оруулсан байх жишээтэй. Гэтэл нийслэлийн хогийн цэгүүдэд өдөрт 3000 тонн хог хаягдаж байгаагийн 70 хувь нь цаас байна гээд бодохоор бид ямар их цаасны хэрэглээтэй улс вэ. Улаанчулуутын хогийн цэг дээр хаягдал хог боловсруулах үйлдвэр хэдийнэ бариад ашиглалтад оруулсан. Түүний үр дүнг үзсэн хүн ховор. Хамгийн их хаягдаж байгаа цаас нь хайрцаг, баглаа боодлын цаас гэх бөгөөд бичгийн цаас их хаягддаг гэнэ. Манайх хаягдал цаасаа эргүүлэн ашиглах талаар ямар ч ажил хийж ирсэнгүй. Ангилдаг, ашигладаг болмоор. Гаднаас ариун цэврийн цаас импортлохгүйгээр өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг болвол ямар их тустай вэ. Нөгөө ярьдаг жижиг дунд үйлдвэрээ хаягдал цаасанд хандуулмаар. Бидний хаягдал цаасанд хятадууд анхаарлаа хандуулдаг юм билээ. Хятадын хэд хэдэн компани манайхаас хаягдал хайрцгийн цаас нэг кг-ыг нь 30 мо, бичгийн болоод бусад цаасыг нэг кг-ыг нь 60 могоор авах гэж санал тавьдаг ч түүнд нь зөвшөөрсөн компани байгаагүй юм билээ. 1980 аад онд Хятадад гэр бүлдээ гологдож, хадамдаа хөөгдөн гудманд гарсан нэг эмэгтэй амьдрахын эрхэнд цаас цуглуулсаар одоо тус улсын том саятан болсон гэж яригддаг. Манайханд хаягдал цаасаар баяжина гэж ойлгохоос илүүтэй цаасны үнэ цэнийг мэдэж байгаа хүн байна уу.

Цаасыг хэн их хэрэглээд байна вэ. Бидний нүдэнд үзэгдэж байгаагаар яам, агентлагуудийн ажиллагсад дэргэдээ хувилагч машин тавьчихаад цаасыг хэдэн зуугаар нь түүнд залгиулж, дараа нь хөеөгөө зөөсөн оготоно шиг өрөөнүүдийн хооронд цаас барин гүйлдэж харагддаг.

УИХ-ын Тамгын газар, бүлгүүдийн хуралдаантай өдөр, ямар нэгэн хууль батлагдах үед өдөрт 4-6 боодол А4-ийн цаас хэрэглэгддэг гэж албаны хүнээс сонслоо. Мөн сурагчдад цаасны хэрэглээ асар их өсчээ. Тухайлбал, сургуулиуд 1-3 дугаар ангийн сурагчдад гэрийн даалгаврыг нь А4-ийн тал цаасан дээр хүүхэд нэг бүрд бичиж өгч явуулдаг болжээ. Үүгээр зогсохгүй сурагчийн дэвтрийн хэрэглээ өнгөрсөн онд 7548,1 ширхэг байсан бол энэ онд 8606,2 ширхэг болж өсчээ. Зөвхөн сонины цаасанд гэхэд энэ онд 1,631983,4 ам доллар зарцуулаад байгаа аж: Одоогоор нийслэлд 40 гаруй хэвлэлийн үйлдвэр байгаагийн 10-аад нь сонины үйлдвэр байна. Сонины үйлдвэрт өдөрт 24 нүүр нэг сониныг 10 мянган ширхэг хэвлэхэд гурван рулон цаас зарцуулдаг бөгөөд зөвхөн цаасны өртөг нь дөрвөн сая төгрөг хүрч байна. Ном, сурах бичгийн хэвлэлт мөн л өсчээ. Ийнхүү цахим засаглалд шилжиж байгаагаа зарлан хөтөлбөрийг нь хэрэгжүүлж байгаа гэх Монгол Улс ямар ч баялаг үйлдвэрлэхгүй хэрнээ асар их валютаа гадагш нь урсгаж байгаад харамсахаас аргагүй. Цаасыг хэрэглэхийнхээ хэрээр хаягдлыг нь ашиглаж валют болгомоор байна. Цаасны хэрэглээг багасгаж хаягдлыг ашиглаж боломж дүүрэн байна.

No comments:

Post a Comment