Монгол Улсад тариалдаг нийт чацарганы 70-аас илүү хувийг Увс аймаг дангаараа хангадаг бөгөөд чацаргана нь тус аймгийн брэнд бүтээгдэхүүн юм. Улсын хэмжээнд 1990-1993 онд таримал болон зэрлэг чацарганыг жилдээ 400-500 тн чацаргана хураадаг байсан бол 2000 оны дунд үед энэ үзүүлэлт 5 дахин буурчээ. Иймээс 2005 онд Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал “Чацаргана” хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлж байна.
Монгол орны байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицсон жимс бол чацаргана бөгөөд хүнсний, эмийн, гоо сайхны зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд болдог.
Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн санаачлагад хамрагдсан Чацаргана бүл нь дотроо Улаан чацаргана, Эмэгтэйчүүд, Ус-Эрдэнэ, Хэт цах, Газар-Эрдэнэ гэсэн таван дэд бүлээс бүрддэг бөгөөд одоо эхнээсээ тус тусдаа бие даасан аж ахуйн нэгжүүд болж боловсруулах үйлдвэр барин бизнесээ амжилттай явуулж байна.
Чацаргана бүл нь чацарганы суулгац болон чацарганы тос, шүүс, үхрийн нүдний шүүс, чацарганы чанамал гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүс нутаг, улсын хэмжээнд бүтээгдэхүүнээ борлуулдаг.
“Монголд үйлдвэрлэл хөгжүүлье-2” төслийн дэмжлэгтэйгээр тус бүлийн гишүүд бүс нутаг болон Улаанбаатар хотод зохиогддог жижиг дунд үйлдвэрлэл, намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгүүдэд оролцдог бөгөөд “Ус эрдэнэ” ХХК-ийн чацарганы бүтээгдэхүүнүүд ”Үндэсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр, бүлийн гишүүн “Хэтцах” хоршоо нь ”Улсын тэргүүний хоршоо”-гоор шалгарч байсан. Бүлийн гишүүдээс баруун бүсийн үзэсгэлэн, худалдаанаас чацарганы сортын суулгацаараа Гранпри, алтан медаль, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт үндэсний зөвлөлгөөний үеэр Чацаргана бүлийн ахлагч Ж.Доожавын улаан чацаргана “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч өргөмжлөл хүртсэн.
“Ус Эрдэнэ” ХХК нь Монгол улсын Тохирлын тэмдэгтэй чацарганы 100%-ийн цэвэр тос, цэвэр шүүс, өтгөрүүлсэн шүүс, чанамал үйлдвэрлэдэг. Чацарганы тос нь Японы Цукубагийн эрдэм шинжилгээний институтэд хүний биед үл шингэх 103 бодисын сорьцын шинжилгээг давж, хүний биеийг анагаах чадвартай нь нотлогдсон. Мөн тус компаний чацарганы тос нь “Үлэмжийн чанар” батламжтай, Монгол улсын шилдэг 99 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан. Япон болон АНУ-д бүтээгдэхүүнээ гаргаж байсан туршлагатай. Чацарганы цэвэр шүүс нь баруун бүсийн “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр, чацарганы өтгөрүүлсэн шүүс нь “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр, чацарганы чанамал нь “Экологийн шилдэг бүтээгдэхүүн”-ний шагналтай.
No comments:
Post a Comment